“Mining Week-2023” хөрөнгө оруулалт, ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийг тулж, түшдэг уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хуваалцах “Mining Week-2023” өнөөдөр эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа юм. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа илэн далангүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго ажээ. Чуулга уулзалтад 20 орчим орны 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3000 гаруй төлөөлөл оролцож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриаллаа. Засгийн газар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгааг салбарын сайд тодотгов.
Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзсэн юм. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.
Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлэв.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6, төсвийн орлогын 24.8, нийт
экспортын 93.7, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай,
олборлох салбар дангаар бүрдүүлж байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул
уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн
зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна. Монголын
эдийн засгийн гол хөшүүрэг уул уурхайн салбарт эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр.
Тодруулбал, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд
үйлдвэрийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг
боловсруулж, олон нийт, оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж,
санал хүсэлт авах, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсох үйл явц өрнөж
байна.