“Хувийн хэвшлийн 30 жилийн замнал” чуулганыг ирэх сард зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн
форумын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар манай улсад энэ
оны 7 дугаар сарын 9-11-нд “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулсан “Монголын Эдийн засгийн
чуулган-2023”-ны тайланг танилцуулж, дараа жилийн ээлжит форумыг 2024 оны 7
дугаар сарын 8-9-нд, үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотноо
зохион байгуулахаар товложээ.
Энэ жилийн “Монголын Эдийн засгийн чуулган-2023”-нд гадаадын хөрөнгө оруулалтын 1000 шахам төлөөлөгч оролцож, олон улсын санхүүгийн томоохон 50 байгууллагын банкирууд нэг дор цуглаж, гадаад, дотоодын төлөөлөгч нарт Монголд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулснаар онцлог болсныг мэдээллээ. Мөн Монголын Эдийн засгийн форум МҮХАҮТ-тай хамтран энэ оны 11 дүгээр сард “Хувийн хэвшлийн 30 жилийн замнал” арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж буйг аж.
Хурлаар “Монголын Шинэ
Эдийн засгийн форум” нийтэд үйлчлэх ТББ-ын захирлаар Ж.Алтангүнийг томилсныг
дуулгав. Тэрбээр Монголын Эдийн засгийн чуулганы зохион байгуулалтын сайн дурын
ажилтнаас эхлэн форумын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж иржээ.
Нэмж мэдээлэхэд, Монголын
Эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд манай улсын бизнес, эдийн
засаг, хувийн хэвшлийн голлох төлөөлөл бүхий хүмүүс, Засгийн газрын зарим
сайд багтан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүнээр, нарийн бичгийн
даргаар “Ард” сангийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг ажилладаг юм.