БАЯН-ӨЛГИЙ: Гадаадын иргэдэд төрийн цахим үйлчилгээг сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын тус аймаг дахь хэлтэс хамтран иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журмуудыг сурталчиллаа.
Мөн энэ үеэр дээрх байгууллагуудаас үзүүлж буй www.evisa.mn, www.eimmigration.mn, www.e-mongolia.mn зэрэг цахим үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөв.Тухайлбал, иргэд төрийн үйлчилгээний E-Mongolia системээс:
- Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа;
- Гадаадын иргэн, уригч зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт;
- Гадаадын иргэний бүртгэл;
- Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт;
- Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт;
- Монгол улсын харьяат болсон тухай тодорхойлолт;
- Монгол улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт;
- Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой болсон.
Түүнчлэн Баян-Өлгий аймагт гадаадаас ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа тул гадаадын иргэний бүртгэл хийх үйлчилгээг тус аймаг дахь төрийн үйлчилгээний ХурДан цэгүүдээр авах бүрэн боломжтой болсныг өнөөдрийн үйл ажиллагааны үеэр танилцууллаа.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймагт сүүлийн 3 сард гадаадын 600 орчим
иргэн ХурДан цэгээр бүртгэл хийлгэсэн байна.