Мишель Манук: Нүүрсний ач холбогдол буурахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт болж буй “Уул уурхайн 7 хоног”-ийн хүрээнд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр төдийгүй ган, цемент үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог нүүрсний зах зээлийн төлөв байдлыг шинжлээ.
”Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өчигдөр өрнөв. Нүүрсний экспорт энэ онд 50 сая тонныг давах хүлээлттэй байгаа. Ирэх онд манай улс 60 сая тонн экспортлох зорилт дэвшүүлсэн.
Эдийн засаг, төсөвт чухал үүрэгтэй, тэр хэрээр ачааны хүндийг үүрдэг нүүрсний салбар эргэн сэргэж, олборлолт болон хэрэглээ нь дэлхий нийтээр нэмэгдсэн дүр зурагтай байна. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрс ба эдийн засгийн аюулгүй байдал” илтгэлдээ ковидын дараах сэргэлтийг онцолсон. Нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл өсөлттэй хэвээр байна. Цаашид ч энэхүү өсөлт хадгалагдах нь. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 53 хувийг өмнөд хөрш дангаар эзэлж байна.
“Нүүрс бол экспортын орлогын гол бүрдүүлэгч, эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа. Нүүрсний тээвэр нь дэд бүтэц хөгжүүлэх хөшүүрэг. Нүүрсний хаягдал нь говийг ногооруулах боломж юм. Нүүрсний борлуулалтын орлого нэмэгдсэнээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх боломжтой ” хэмээн “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дүгнэсэн байна. Нүүрс экспортлогч компаниуд байгуулагдсан цагаасаа хойш нийт 45.2 их наяд гаруй төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Монгол Улс нүүрсний 173.5 тэрбум тонн геологийн таамаг, батлагдсан 33.3 тэрбум тонн нөөцтэй. Өчигдрийн хуралдааны онцлох зочин Дэлхийн нүүрсний ассоциацийн ерөнхий захирал Мишель Манук “Нүүрсний ирээдүй ба өөрчлөгдөж байгаа дэлхий” илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Монголын нүүрсний салбарт боломж өндөр байгааг тодотгоод, дэлхийн нүүрсний салбарт Монгол Улс өөрийн байр сууриа бэхжүүлэх, тэлэх боломж нээлттэйг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ “Нүүрсний ач холбогдол буурахгүй. Ойрын 10 жил байтугай тэрнээс ч цааш хугацаанд ирээдүйтэй. Дэлхий нийт нүүрснээс хурдан хугацаанд татгалзах боломжгүй юм байна гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа батлан харууллаа. Нүүрс эрчим хүчний хомсдолоос сэргийлэхэд хамгийн чухал, найдвартай эх үүсвэр” гэв.
Хуралдаан өнөөдөр
“Уул уурхай ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд “Хүнд
үйлдвэрийн хөгжил, шийдэл” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ өдрийн үйл
ажиллагааг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэлсэн юм.