Авилга, албан тушаалын гэмт хэргээр хоригдож буй этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-19 09:36:07

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг нэгдүгээрт авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, хоёрдугаарт бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох, гуравдугаарт энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, дөрөвдүгээрт бага насны хүүхдийн амь насыг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулж байна гэсэн юм. Тэрбээр илтгэлдээ бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл, ял шийтгэгдсэн этгээдүүдийн ялаа эдэлсэн байдлын талаар товч танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлж байгаагүйг тэмдэглэлээ. Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэсэн насны ангиллыг 14-өөр тогтоосныг 16 болгохоор төсөлд тусгаж байгааг дурдав. Ингэснээр 14-өөс 16 хүртэлх насны хохирогчтой хэргүүд хүнд ангилал руу шилжиж бүх насаар хорих ялтай болох юм. Ийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй аливаа гэмт хэрэг, тэр дотроо хүчиндэх гэмт хэргүүд ялын хамгийн дээд хэмжээнд тулах аж.


Хуулийн төсөлд тусгагдсан дараагийн нэг асуудал бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг Зөрчлийн хуулиас авч гэмт хэрэгт тооцох явдал юм. Манай улсад жилд дунджаар 110 хүн согтуу жолоочийн үйлдлээс болж амь насаа алдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлдээ энэ тухай дурдаад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санамсар болгоомжгүй хэрэг огт биш, буруу дадал зуршил юм гэсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцох, мөн согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.


Энэ гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6-12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, давтан үйлдсэн тохиолдолд торгууль болон ялын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг 0.5-3 жил хязгаарлах, эсвэл 0.5-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлтэй хатуу тэмцсэнээр таван жилийн хугацаанд энэ гэмт хэрэг байхгүй болно хэмээн тооцож буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ тэмдэглэв.


Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Гишүүд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялыг чангатгаж байгаа нь хүний эрхийг зөрчих үр дагавар гаргахгүй байх, нууцын тухай болон нууцлагдвал зохих баримтыг тодорхой болгох, ерөнхийдөө манай улсын ялын бодлого хэр чанга байгаа, ялын бодлогын үр дүн ямар байгаа талаар, мөн ялын бодлого үйлчилдэггүй бүлэг хэсэгт хэрэглэх шинэ төрлийн ял шийтгэлийг судалж үзсэн эсэх, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсөв, зардлыг хэрхэн шийдвэрлэсэн, бэлгийн хүчирхийллээс гадна бага насны хүүхдийг зодох, тамлах зэрэг бие бялдар, эрүүл мэндийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ялыг чангаруулж байгаа эсэх, согтууруулах ундааны хэрэглээний хэмжээ, үйлдлийн нөхцлийг хэрхэн харгалзсан зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах хэрэгт урьд өмнө хүн ял авч байсан эсэхийг тодруулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний давталтын шалтгааныг арилгахад анхаарч ажиллах, ялыг чангатгаснаар гарах үр дүнд хэрхэн тооцсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт оногдуулах ялыг согтуурлын зэрэгтэй уялдуулах, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг санал хэлсэн юм. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт, хариуцлагын асуудлыг хуульд тусгах, бага насны ангиллыг 16 болгосноос ямар сөрөг үр дагавар гарч болох, ял эдэлснээр гэмт хэрэгтнүүд засардаг эсэх, ял эдлээд суллагдсан этгээдийн тухай мэдээллийг ил тод болгож, нийгэм сэрэмжлүүлэх боломжтой эсэх, хууль батлагдсанаар мэдээлэл муутай хүмүүс, ялангуяа хөдөөгийнхөн хэдэн зуугаараа гэмт хэрэгтэн болж болзошгүй тул хууль сурталчлах ажлыг сайтар хийсний дараа буюу 2024 оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхлэх боломжтой эсэх, гүүний айрагнаас тогтоогдох согтуурлын зэрэг ямар гардаг, согтууруулах ундааны хэрэглээ буурснаар хар тамхины хэрэглээ өсөх эсэх зэргээр асуудлыг тал бүрээс хөндөж ярилаа.


Хууль зүйн байнгы хорооны саналын дагуу хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

相关新闻