ДАРХАН-УУЛ: Хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-19 14:29:51

Дархан, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мах, ноосны чиглэлийн меринос үүлдрийн цэвэр хуцын гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгах ажлыг аравдугаар сарын 17-18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгууллаа.


170 толгой орхон, үзэмчин, монгол үүлдрийн хонийг тээгчээр ашиглан Австрали улсын “Gene Movers” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хийж буй уг ажилд 30 гаруй мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн оролцсон аж.




Тус ажлыг зохион байгуулсны үр дүнд малын тоо, толгой нь цөөрч, ашиг шим үүлдэрлэг байдал нь алдагдаж буй нарийн, нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө үүлдрийн хонины ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанар сайжирч, зах зээлд өндөр үнэ, өртөг бүхий маш нарийн ноос үйлдвэрлэх боломж бүрдэх онцлогтой ажээ.




Мөн 200 толгой хангай, орхон үүлдрийн хонинд Австрали улсаас импортлон оруулж ирсэн ноос, махны меринос үүлдрийн хуцын гүн хөлдөөсөн үрээр дурангийн мэс ажилбар буюу лакгроскопийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх аж. Энэхүү ажлыг энэ сарын 19-21-ний хооронд Хонгор суман дахь ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгуулахаар төлөвлөжээ.




Ташрамд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв, мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Малын нөхөн үржихүйн лаборатори, АДРА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Орхон шийп XXК, Австрали улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёр дахь жилдээ монгол малын генийг доройтох, мөхөх, устахаас сэргийлж хамгаалах, сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.




Түүнчлэн “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад баталгаажсан нарийн, нарийвтар ноост орхон, хангай үүлдрийн хонины үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх ноосны гарцыг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэт арга технологиудыг ашиглаж байгаа ажээ.


相关新闻