Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар ирэх сарын 1-5-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.