БАЯН-ӨЛГИЙ: Горно-Алтайскийн Политехникийн коллежтой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-06 10:42:14

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш нар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад туршлага судаллаа.


Тус сургууль нь 2021, 2022 онд мэргэжлээрээ манлайлсан 14 багш, ажилтнаа гадаадад аялах эрхийн бичгээр шагнасан бөгөөд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотоор аялуулжээ.


Тэд Горно-Алтайск хотын М.З.Гнездиловын нэрэмжит Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн энэ үеэр Политехникийн коллежийн захирал Е.В.Басаргина, аймгийн МСҮТ-ийн захирал Х.Нуркенийг төлөөлж Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан П.Бахытбек нар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.  


Тус гэрээнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд сургалтын байгууллагын багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хоёр талын зохион байгуулсан сургалт, эрдэм шинжилгээний бага хурал, баяр ёслолын үйл ажиллагаануудад оролцох зэрэг асуудлыг тусгасан ажээ.   

相关新闻