БАЯН-ӨЛГИЙ: Шар нуурын мөс цөмөрч, машинаар зорчиж явсан хоёр хүн энджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол багийн нутагт орших Шар нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан суудлын автомашин живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 5-ны өдрийн 15.20 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ослын газарт очиж ажиллав.
Иргэн Э-гийн “Елентра” загварын суудлын автомашин аймгийн төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явжээ. Ослын улмаас 53 настай, эрэгтэй иргэн Э, 52 настай, эмэгтэй Н нар нас барсан байна. Харин 53 настай, эмэгтэй С, 53 настай эмэгтэй Н нар эсэн мэнд гарсан аж.
Онцгой байдлын алба хаагчид усанд живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр зайнаас, 1.4 метрийн гүнээс тухайн өдрийн 19.30 цагийн үед татан гаргасан байна.
Анхааруулж хэлэхэд, одоогоор гол нуурын мөс нимгэн, гүйцэд хөлдөөгүй байгаа. Иймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэд онцгойлон анхааруулж байна.