Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо энэ сарын 30-наас ирэх сарын 12-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурал (COP28) болно.
Уг хурлыг угтаж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах талуудын зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улс нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх тухай асуудлыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдааг хангах, гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцаж буй юм.
Уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурлаар эрчим хүчний шилжилтийг хурдасгаж, ялгарлыг бууруулах, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүн-байгаль, амь амьжиргааны асуудлыг уур амьсгалын үйл ажиллагааны гол цөмд тавьж үзэх, бүх талуудад бүрэн хүртээмжтэй хамтран ажиллах зэрэг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд өндөр түвшний яриа хэлэлцээ, хэлэлцүүлгүүд өрнөх төлөвтэй байгааг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр манай улс олон талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд тодорхой үүрэг хүлээдэг бөгөөд цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа ханган хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд эрх зүйн цогц шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай. Ингэхдээ одоогийн эрх зүйн орчныг салбар тус бүрээр нь сайжруулах, мөн олон улсын байгууллагуудаас зөвлөж буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөг бууруулах асуудлаар тусгайлсан шинэ хуулийн төслийг бий болгон, нарийвчилсан зохицуулалтыг хийх боломжтой хэмээн тэмдэглэв.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг энэ үеэр хэлэхдээ "Монгол Улс 1992 оноос хойш дээрх гэрээнүүдийн хүрээнд НҮБ-ын олон талт гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулан, тайлагнаж ирсэн. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй нь АНЭУ-ын Дубай хотноо НҮБ-ын суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хуралд манай улс нэгдсэн байр суурьтай, бүтээлч оролцоотой оролцох боломжийг бүрдүүлж байна гэв. Түүнчлэн тэрбээр "Өнөөдөр дэлхий нийтээрээ дэлхийн дулаарлыг 1,5 хэмд барих, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 43 хувиар бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад голлох салбаруудын хүлээсэн үүрэг, хариуцлагыг шинэ шатанд гаргах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, гарз хохирлыг тооцох, цаг уурын технологийн шинэчлэл дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Манай улс байгаль орчныг хамгаалах чиглэлд тодорхой хэмжээний төсвийг зарцуулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын хэрэгжилтийг хангах, мөн асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэр, уул уурхайн салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгарлыг айл өрх, үйлдвэр, аж ахуйн газар, сум дүүрэг, аймаг нийслэлийн түвшинд бууруулах, үр ашигтай технологийг нэвтрүүлж нутагшуулах, цаашлаад хууль, эрх зүйн орчныг сайжруулах, салбар яамдын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг илүү уялдаатай болгоход ажлаа чиглүүлж байна” гэлээ.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн "Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилт, газрын доройтлын төлвийн байдал" илтгэлдээ “Монгол орны уур амьсгал, байгаль орчны нөхцөл байдал нэлээн эрсдэлтэй нөхцөл рүү орсон гэхэд болно. Тухайлбал, манай орны агаарын дундаж температур сүүлийн 60 жилд дэлхийн дунджаас 3 дахин буюу 2,4 градусаар дулаарсан. Түүнчлэн Монгол орны байгаль орчны нөхцөл байдал доройтож байгаа нь зарим судалгааны дүнгээс харагдаж байна. Тухайлбал, цөлжилт газрын доройтлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртөөд буй. Үүнээс гадна нийт нутаг дэвсгэр дэх мөстлөг сүүлийн 50-60 хугацаанд эрчимтэй хальж байгаа зэрэг жишээг дурдаж болохоор байна. Тиймээс шийдвэр гаргах түвшнийхэн ямар нэгэн бодлогын баримт бичиг, алсын харааг тодорхойлохдоо ШУА болон бусад шинжилгээний байгууллагуудаас гаргасан судалгааг үндэслэл болгодог байх нь зүйтэй юм” гэв.
ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд энэ үеэр хийсэн "Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд” илтгэлдээ манай улс нийтдээ 300 гаруй олон талт гэрээ, конвенцод нэгдэн орсон. Тэдгээр гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, ажилтан ажиллагсадын тогтвортой байдлыг бүрдүүлэх, хэрэглэж буй нэр томъёог жигдлэх, мэдээллийн нэгдсэн сантай болох, олон улсын гэрээнд нэгдэхдээ дотоодын хууль тогтоомжуудтай нийцүүлэх зэрэг шаардлага үүсч ирсэн болохыг зөвлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү "Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц нь НҮБ-ын олон талт тулгуур хэлэлцээрийн хүрээнд анхны соёрхон баталсан хэлэлцээрүүд бөгөөд өөр хоорондоо уялдаатай хэрэгжиж явах ёстой. Манай улс тэдгээр хэлэлцээрийг соёрхон баталсанаас хойш тодорхой үе шаттайгаар хэрэгжилтийг нь хангаж, тайланг хүргүүлж ажилласан. Тайлангийн дүнгээр бол хангалттай гэсэн үнэлгээг авч ирсэн" хэмээв.
Уулзалтад оролцогчид хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах санал санаачилга, бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.