Нийт нутгийн 31 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-11-13 10:45:09

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар, БОАЖЯ-наас гаргасан төлөв байдлын мэдээллээр энэ өвөл хавар бэлчээрийн даац нийт нутгийн 50 орчим хувьд хрэлцээтэй байхаар гарчээ. Харин 50 гаруй хувьд хэтэрч гарахаар байна. Тодруулбал, Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сум, багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байна. Бэлчээрийн даацыг нийт нутгаар авч үзвэл:

  • 23.9 хувьд бэлчээрийн нөөцтэй,
  • 24.6 хувьд бэлчээр хүрэлцээтэй,
  • 31.0 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн,
  • 6.7 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн,
  • 13.8 хувьд даац олон дахин хэтэрсэн байна.


Өнгөрсөн жил гаргаж байсан бэлчээрийн даацын тооцооллын дүнгээс үзвэл нийт нутгийн:

  • 42.1 хүртэлх хувь нь бэлчээрийн нөөцтэй
  • 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй
  • 25 хувь нь даац 2-3 дахин хэтэрсэн, 
  • 3.6 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 
  • 4.7 хувь нь даац олон дахин хэтэрсэн байв.



Өөрөөр хэлбэл нийт нутгийн 70 орчим хувьд өвөл,хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрч байжээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарчээ.

Өвөл,хаврын бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог багасгах зэрэг арга хэмжээг эртнээс авах шаардлагатайг ЦУОШГ-аас мэдээллээ. 




Бэлчээрийн даацыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бэлчээрийн ургац, малын тоо, талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг байна. Мөн ЦУОҮГ-ын цаг уурын станц, харуулуудын мэдээлэд үндэслэн тулгуурладаг байна. 

相关新闻