Чингис хаан музейн виртуал өрөө нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-14 15:34:43

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авлаа.


Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ы бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулав. Уг контетод Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ.


Чингис хаан Үндэсний музей нь “Глобал Смарт Солюшн” компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Японы “Panasoinc брэндийн проектор болон линз, Германы Neumann брэндийн “Долби 7.1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоноглосон байна.


Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх гэнэ. 






相关新闻