Морин хуурын чуулгынхан 31 жилийн хугацаанд Монголд 5000 гаруй, дэлхийн 30 оронд 600 удаагийн тоглолт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-14 16:25:18

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгад хүртээсэн билээ.


Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёл, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурынхаа гайхамшигт увдис, тал нутгийн тэнгэрлэг аялгуугаар хүмүүний сэтгэлийг уяраан баясгагч, Монгол Улсын соёлын элч, Морин хуурын чуулгын хамт олон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тус чуулгынхан 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай болж, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн бусад 30 гаруй орны тайзнаа 600 удаагийн тоглолтыг толилуулсан юм.


“Чингис хаан” одон хүртсэн Морин хуурын чуулгын уран бүтээлчдийг төв талбайд Улсын филармонийн удирдлагууд, уран бүтээлчид болон мэргэжлийн урлагийн байгууллагынхан, уртын дуучид хүндэтгэн угтав. Энэ үеэр Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан болон зарим уран бүтээлчээс сэтгэгдлийг нь сонслоо.


Д.Түвшинсайхан ярихдаа “Монголчууд өөрсдөө бахархах, бахархлаа бодит байлгах, Монгол хүн гэж омогших омогшлоо үнэн байлгахын тулд холын холд зорьж бүтээсэн зүйл бол Морин хуурын чуулга. Морин хуур хөгжим бол Монголын ард түмний бэлгэдэл юм. Энэ шагналыг авч гарч ирсэн нь бид боловч монголчууд оюун санааны ололтод хүндэтгэл үзүүллээ гэж ойлгож байна. Тиймээс үеийн үед өвөг дээдсийн бүтээсэн үндэсний ололтуудыг байнга дархалдаг байгаасай. Зөвхөн морин хуур ч биш. Монголын бүх өв тээгчдэд, ирээдүйд өв тээх залуустаа сайн сайхныг хүсье. Маргааш бид Японыг зорино. Тус улсад болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн “Монгол аялгуу” концертод манай уран бүтээлчид оролцоно. Дараа нь энэ сарын 25-нд Хятадын Шанхай хотын “Ягуар” хэмээх 120 жилийн түүхтэй танхимд бүрэн хэмжээний тоглолт хийнэ. Ирэх жил гадаадын 11 аялан тоглолт мэдэгдээд байна. Тэгэхээр ирэх жил Монголын сайх сайхныг гадаадад сурталчлах ажил үргэлжилнэ. Их хуурч Г.Жамъян, түүний шавь миний багш Ц.Батчулуун, монгол түмний хайртай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэсэн гурван эрхэм анх Морин хуурын чуулгыг байгуулах тухай ярьсан. Морин хуурын чуулга одоо морин хуурын найрал хөгжим болох алхам тавигдаж байна. Монголчууд шинэ цагт өөрсдийгөө дэлхий дахинд хүчтэйгээр сурталчлах зэвсэг байх болов уу” гэв.


Харин Улсын филармонийн дарга С.Баттулга “Морин хуурын чуулгынхан дэлхийн нэр хүндтэй 30 гаруй оронд ардын урлагийг түгээж, сурталчилжээ. Өнөөдрийн энэ сайхан өдөр чуулга маань “Чингис хаан” одон хүртээлээ. Энэ бол зөвхөн Улсын филармони, Морин хуурын чуулгын шагнал биш юм. Соёлын салбарынхан, үндэсний өв соёлыг хайрладаг сая сая монголчуудын шагнал гэж ойлгож байна. Түүгээр ч зогсохгүй монголчууд гэлтгүй морин хуурын чуулгын тоглолтыг шимтэн үздэг дэлхийн улс орнуудын хүмүүст ч хамаатай юм. Улсын филармонийн хамт олны зүгээс болон хувиасаа Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун, Н.Жанцанноров тэргүүтэй ахмадууд болон чуулгын үе үеийн уран бүтээлчид, тэдний ар гэрийнхэнд халуун баяр хүргэе. Бидэнд маш том уран дэм өглөө” хэмээлээ.


Тэгвэл Морин хуурын чуулгын морин хуурч Ж.Уугантуяа “Маш нэр хүндтэй шагналыг чуулгаараа авлаа. Сэтгэл их хөдөлсөн. Цаашдаа юу хийх вэ, ямар чанартай уран бүтээл туурвих вэ гэдэг дээр санаа зовж эхэлдэг юм байна. Тийм шаардлага ч гарч байна. Морин хуураар дамжуулан дэлхий дахинд Монголоо сурталчлах ажилд чин сэтгэлээсээ зүтгэхээ илэрхийлье” гэсэн бол түүний аав Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Чингис хааныхаа төрсөн өдрөөр Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үнэт зүйлээ хөгжүүлэх, эв эеийг хичээх, дэлхийд дахинд эх орноо сурталчлахад гарамгай гавьяа байгуулсан хамтлаг, хувь хүнд уг шагналыг өгнө гэж журамдаа тусгасан байдаг. Энэ шаардлагад Морин хуурын чуулга нийцсэн гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Монголчуудаа төлөөлөн монгол хүний оюун санааг дэлхийд хүргэж байгаа явдал нь бахархлын өдөр бахархаж болох үйл явдал юм гэж ойлголоо. Энэ бол морин хууртай хүн бүрийн баярын өдөр. Морин хуур тоглодог хүн бүрийн баярт өдөр гэж ойлгож болох юм" гэв. 

 








相关新闻