Ням гарагт “Гоёл” наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хувцас загварын тэргүүн дээд “Гоёл-2024” наадмын шилдгийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 19-нд Шангри-Ла төвд болно.
36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын “Загварын 7 хоног” энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол “Гоёл” юм.
Энэхүү наадмаар Монголын загварын ертөнцийн топ модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай. Тус наадмын сүүлийн шатанд 65 эмэгтэй, 15 эрэгтэй модель шалгаран үлджээ.
Сонирхуулахад, цар тахлын улмаас хоёр жил өнжсөн тус наадмын өнгөрсөн оны топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорч байсан билээ. Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Тэгвэл топ тодроогүй цор ганц наадам нь “Гоёл-2016” юм.
Энэ удаагийн “Гоёл”-ыг “TV8” телевиз шууд дамжуулах гэнэ.