Монголын дуурийнхан Кавказын нуруунд төрийн далбаагаа мандууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аднан Шахбулатовын нэрэмжит Чеченийн Филармонийн ордонд дөрөв хоногийн турш үргэлжилсэн ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын VI уралдаан өндөрлөв.
Мэргэжлийн сонгодог дуурийн 18-25 насны гоцлол төрөлд ОХУ-ын Хөгжмийн академид магистрантурт суралцаж буй Б.Доржнамжин болон СУИС-ын гуравдугаар дамжааны оюутан Э.Энхүүжин нар тусгай байр, Монгол Улсын Консерваторийн оюутан Б.Мөрөн дэд байрт шалгарчээ.
Харин 26-35 насны гоцлол төрөлд энэ жилийн уралдаанд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Б.Гантөмөр мөнгөн медаль хүртсэн байна. Өнгөрсөн жил яг энэ ангилалд Булган аймгийн сайхан сумын харьяат Д.Совд ийм амжилт үзүүлсэн байсан юм.
Тэгвэл гала тоглолтод оролцохоор шалгарсан Улсын филармонийн дуучин
Б.Дэлгэрбаяр гуравдугаар байр эзэлсэн бол ДБЭТ-ын залуу дуучин Х.Бямбарагчаа
тэргүүн байранд шалгарсан байна.