Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө, маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023 оны 12 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй
цас орж, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн
хойд хэсгээр, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд
ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10
метр, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд зарим газраар секундэд 14-16 метр, 5-нд
ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний
эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө
-11-16 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө,
Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20-25
градус, өдөртөө -7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10
градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус,
өдөртөө -2-7 градус хүйтэн байна.