“Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах” форум боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум “Чингис хаан” үндэсний музейд болжээ.
Нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн Д.Тунгалаг нар үг хэлэв.
Энэхүү форум нь хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Форумын хүрээнд “Дэлгэцийн бүтээл ба Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөж, кино уран бүтээлчид болон хүний эрхийн мэргэжилтнүүд санал бодлоо солилцжээ.
Үүнээс өмнө “Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сэдэвтэй сургалт зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад Оскарын хоёр удаагийн шагналт Малкольм Кларк “Баримтат киноны сэдэв сонголт, судалгаа”, Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ён “Нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн сэдвээр уран сайхны кино бүтээхэд тулгардаг бэрхшээл, түүнд мэдлэг, мэдээлэлтэй хандах нь”, продюсер Хан И “Баримтат кинонд хүний эрхийг тусгахдаа анхаарах зүйлүүд, ажиллах зарчим” сэдвээр илтгэл тавьжээ.