Иргэд эмэгтэйчүүдийн төлөөллийн тоог нэмэх шаардлагатай гэж үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Конрад-Аденауэр-Сангаас “Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ” бодлогын судалгааны үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгааг Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан болон МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхим хамтран үүсгэн байгуулсан “Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл”-өөс эрхлэн гаргажээ.
Судалгааны зорилго нь Монголын ардчиллын төлөөллийн чадавхийг шинжлэх явдал бөгөөд ингэхдээ байж болох дутагдлыг илрүүлж, улмаар улстөрчдөд тулгамдаж буй асуудал, сорилтуудад цаг алдалгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгоход туслах ажээ. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын төвөөс 2022 гаргасан судалгааны дүнгээс харахад ч УИХ-ын нэр хүнд аажмаар буурч байгаа аж.
Парламентын гишүүн иргэд сонгогчдын төлөөлөх чиг үүргээ хэрхэн биелүүлж байгааг үнэлснээр төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцийн чиг үүргийг оновчтой болгох боломж бүрдэнэ хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн ардчиллын суурь зарчим нь ард түмний төлөөлөл хууль тогтоох байгууллагад тэнцүү тусгалаа олсноор л биелэх бөгөөд бүх шатны төлөөллийн байгууллагад нийт ард иргэдийн талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаснаар ардчиллын төлөөллийн зарчим биелэх боломжтой гэдгийг онцоллоо.
Бодлогын судалгааны үр дүнгээс онцолбол, иргэдийн улс төрийн сонирхол, улс төрийн боловсрол өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа асуудлын гол шалтгаан биш аж. Харин улс төрийн намын хүний нөөцийн бодлогын бодлого алдагдсанаас үүссэн нийгэм, улс төрийн тогтолцоо намаас шууд хамааралтай болсонтой холбоотой байна. Иймд Улс төрийн намын төлөвшил, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх бодлого баримтлах шаардлагатай байгаагаас гадна УИХ-ын хуралдааны ирцийн мэдээллийн бүрэн бүтэн, ил тод байдлыг хангах шаардлагатай байна. Олон нийт төлөөллийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо өнөөгийн байгаа түвшнээс нэмэгдэхэд эерэг өөрчлөлт авчирна гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тоог иргэдийн дийлэнх нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Виктор Франк ярихдаа “Монголын ард түмэн чиг үүргийн институтийн үүрэг хариуцлага хэр явагдаж байгаад сэтгэл хангалуун бус байна. Энэ бол хүн бүрд нээлттэй харагддаг. Тиймээс бид Монголын топ боловсролын институттэй хамтарч ажиллан энэхүү судалгааг гаргасан. Өнөөдрийн судалгааны үр дүнгээр төлөөллийн институтийн ажлын чиг үүрэг, цаашид хэрхэн хангаж байна вэ гэсэн асуулт дээр тодорхой хариулт өгсөн” гэв.