Ногоон зээлийн стандартыг тодорхойлох санал дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал 2011 оноос хойш шингээлтээсээ давж эхэлжээ. Энэ зөрүүг тэглэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг БОАЖЯ-ны УАӨБТГ-ын ахлах шинжээч С.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв.
Манай улс цаашид хүлэмжийн
хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байгаа. Хамгийн сүүлд 2020 онд
гаргасан статистик мэдээлэлд, хүлэмжийн хийн ялгарлын 44 хувийг эрчим хүч, 51
хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын
хамгаалалтад авах зорилт дэвшүүлснээс одоогоор 21 хувийг хамруулаад байгаа. Түүнчлэн,
Монгол орны агаарын дундаж
температур сүүлийн 80 жилд дэлхийн дунджаас 2.25°С-ээр нэмэгдэж, уур
амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй орны нэг болж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад манай улс хувь нэмруу оруулж, байгаль орчны доройтолтой тэмцэх, уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэхэд төр, хувийн
хэвшил хамтран ажиллахаар дээрх хэлэлцүүлэг
өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлгийг
нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, “Төв банк уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэх санхүүжилтийг дэмжих, тогтолцоог бүрдүүлэхэд манлайлж байна. Тухайлбал,
“Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-т туссаны дагуу 2019 онд Ногоон
таксономиг, энэ онд Тогтвортой хөгжлийн таксономиг хамтран баталж, санхүүгийн
салбарт мөрдүүллээ. 2030 он
гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэнэ. Ногоон бонд гаргах, гаднаас эх үүсвэр
татах зэргээр банкууд идэвхтэй
ажиллаж, ногоон зээлийн багц одоогоор нийт зээлийн 5 хувьд хүрээд байгаа. Монголбанкан дээр хөгжүүлж буй их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглаад
ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах
нэгдсэн системийг шат дараатай хөгжүүлэх ажлыг банкнуудтай хамтран хэрэгжүүлж
эхэлнэ. Уур амьсгалын
өөрчлөлт, санхүүгийн зах зээл, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг олон нийтэд ойлгуулах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээг хөгжүүлэхэд олон улс болон дотоодын байгууллагуудтай хамтран
ажиллаж байна. Түүнчлэн орон сууцны
ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг орон нутагт түлхүү олгохдоо ногоон, эрчим хүчний хэмнэлттэй
байх зэрэг нөхцөлийг харгалзахаар бодлогын түвшинд анхаарч байна” хэмээв.
Хэдхэн хоногийн өмнө Хаанбанк Монголын Хөрөнгийн бирж дээр анхны ногоон бонд гаргахад 7 минутад захиалга нь амжилттай хаагдаж, 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Эндээс монголын хөрөнгө оруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтад анхаарч байгаа нь харагдаж байна. Гэхдээ ногоон зээл гэдэг стандарт нь тодорхойгүй байна. Иймд ногоон барилга, ногоон тээвэр гэх мэт стандартаа гаргая. Олон улсын жишиг байдаг ч энэ нь манай улсад хатуу шалгуур байдаг тул эхний ээлжинд шилжилтийн 10-15 жилд өөрийн гэсэн зэрэглэл тогтоох шаардлагатайг Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.
Тэрбээр, Монгол Улсын
стандарт нь олон улсын жишгийг зорихдоо гадаадын банк санхүүгийн байгууллагаас
зөвлөгөө авах боломж бий. Сургалт хийж, ойлголтоо нэгтгээд 10-20 жилд юу хийх,
урт, дунд, богино хугацаанд ажлаа тодорхойлъё. Төрийн түвшинд хууль эрх зүйн
актууд, бичиг баримт хангалттай бий. Гагцхүү дата бий болгох, хэрэгжүүлэх, тайлан
хийхэд хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
Уур амьсгалын
өөрчлөлтийг шийдэх олон улсын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг Ерөнхий
сайдын Гадаад бодлого, Ногоон хөгжил хариуцсан зөвлөх М.Бадамлянхуа дурдаад, “Монголын
ногоон санхүүгийн корпорац байгуулж, улсын төсөвт 64.7 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт тусгасан. Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран мэдээллээ тогтмол
солилцож, асуудлыг ярих, менежмент хийх, хамтдаа бусдад ойлгуулахад хамтран ажиллах
шаарддагатай байна” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан
Монголбанк, Дэ Нэйче Консерванси, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион
байгуулсан хэлэлцүүлэгт
төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, хувь
нэмрээ оруулах, хүлэмжийн
хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх амлалтын ахиц, тогтвортой хөгжлийн болон ногоон орон
сууцны санхүүжилт, ногоон хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн татварын олон улсын
туршлагын талаар ярилцлаа.