Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр гурван амлалт өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний чуулган Швейцарын Женев хотноо болж байна. Дэлхийн 130 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, хүний эрхийн үндэсний байгууллага болон бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус чуулганд Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан нар оролцож байна.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулсан “Хүний эрх-75” чуулга уулзалтын үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүчин чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэжээ.
Өндөр түвшний хурлын үеэр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан байна. Монгол Улсын хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд дараах гурван чиглэлд хүний эрхийн хэрэгжилтэд ахиц гарган ажиллахаа амлав. Үүнд, “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.
Амлалт 1: Жендерийн тэгш
байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд үүднээс эрэгтэйчүүд, хөвгүүдэд
тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн чиглэсэн “SHE for HE”
санаачилгыг хэрэгжүүлэх. Энэ санаачилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар
эрэгтэйчүүд, хөвгүүдэд чиглэсэн одоогийн бодлого, үйл ажиллагаагаа шинжлэн
судалж, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодлого, үйл ажиллагааг
хэрэгжүүлэх болно. Амлалт хэрэгжиж дуусах он нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31 байх юм.
Амлалт 2: Хүний эрхийн
Дээд комиссарын газартай зөвлөлдсөний үндсэн дээр Монгол Улс нь Ази, Номхон
далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотод
байгуулах амлалтыг өгч байна. Бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг
байгуулснаар Монгол Улс даяар эрх эдэлж, үүрэг хэрэгжүүлж буй бүх хүнд хүний
боловсрол олгох боломж нэмэгдэх юм. Мөн бүс нутгийн хэмжээнд эрдэмтэн,
судлаачид, иргэний нийгэм, хүний эрхийн үндэсний байгууллагуудыг холбосон
томоохон төв болох юм. Уг амлалт мөн
2025 оны арванхоёрдугаар сарын 31- гэхэд хэрэгжиж дуусна.
Амлалт 3: Монгол Улсын Засгийн газар “Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр 2”-ийг шинэчилж, батлуулах гэнэ. Үүнийг батлуулах сүүлийн хугацаа 2034 оны арванхоёрдугаар сарын 31 байх аж.