Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85 хувь нь 15 хүртэлх насныхан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон шинэ жилийн баяраар хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь томуу, томуу төст өвчлөл байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их байгаа юм. Харин түргэн тусламжийн нийт дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.
ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг “Хүүхдүүд жилдээ 4-6 удаа амьсгалын замын өвчин тусах нь хэвийн. Гэхдээ хэр хэмжээнд тухайн өвчнийг давах нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаална. Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Гурван сараас доош нярай 39 хэмээс дээш халуурах нь эрсдэл өндөр гэсэн үг. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ гэсэн юм” гэв.
ХӨСҮТ-ийн лавлагаа лаборатори болон салбар дөрвөн лабораторид нийт 256 сорьцод шинжилгээ хийхэд 16.7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус, 15.1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус, 5.2 хувьд нь Sars-CoV-2 буюу коронавирусийн вирус, 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.
Одоогоор
21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн
эмнэлгүүдэд нийт 9020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2818
буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа аж. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5
хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 51.6 хувийг 0-5 насныхан эзэлж
байгаа юм.