Аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-08 10:50:22

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.


Уг барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат,  Хилчин спорт хороо, “Хатант интернэшнл”, “Нью ариг ус” компани, “Бөхбилэгт” дэвжээний бөх, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Очирням”, “Хүннү Шоес”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь үзүүрлэв.


Б.Гончигсүрэнгийн хувьд 2023 онд сумын заан цолтнуудын барилдаанд хоёр түрүүлж, улмаар тухайн жилдээ аймгийн начин цол хүртсэн юм. Тэгвэл шинэ цолонд хүрснээс хойш анх удаа Бөхийн өргөөнд зодоглохдоо шууд түрүүлсэн нь энэ. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамбаас өөр аймгийн начин цолтойдоо түрүүлсэн бөх байхгүй байсан.


Харин Б.Гончигсүрэн аймгийн начин цолтойдоо Бөхийн өргөөнд түрүүлсэн хоёр дахь бөх боллоо. Тэрбээр энэ сарын 26-нд Португалд эхлэх жүдо бөхийн гранпри тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Европ тивийг зорих гэж байгаа билээ. Түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” компаниас Итали хромон гутал бэлэг болгон гардуулав. 


Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм. Онцолбол, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, улсын заан Б.Серик, аймгийн арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй шавь нар нь багшдаа автомашины түлхүүр атгуулав. 

相关新闻