Улсын филармонид энэ сард гурван онцгой тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-10 10:27:58

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын филармониос жил бүрийн тодорхой саруудад зохион байгуулдаг онцгой тоглолтууд бий. Тэгвэл энэ сард гурван ч онцгой тоглолт болох тов гарчээ.


Эхнийх нь энэ сарын 13-нд болох Movie Swing concert юм. Уг тоглолтод Оскарын шагналт болон дэлхийн шилдэг киноны хөгжим, дуунууд эгшиглэх аж. Тухайлбал, АНУ-ын нэрт дуучин Шерийн “The Sonny Side of Cher”-т цомогт багтсан My Baby Shot Me Down дууг сонсох боломжтой. Уг бүтээлийг түүний нөхөр Сонни Боно 1966 онд зохиож дуулуулсан юм. Тухайн ондоо дуу UK Chart болон Billboard 100-д эхний байр жагсаж чамгүй амжилт дагуулж байжээ. Шерээс гадна дуучин Нэнси Синатра энэхүү дууг шинэчилсэн найруулгаар дуулахдаа зөвхөн тремоло дуугаралттай гитартай дуулснаар бичлэгт орсон байдаг юм байна. Харин 2003 онд Тарантиногийн найруулсан “Kill Bill Vol.1 кинонд ашигласнаар My Baby Shot Me Down дахин алдаршсан юм. Түүнчлэн Японы рок хөгжимчин Томоясү Хотэйн зохиосон “Нэр төр, хүн чанаргүй тулаан” нэрт гитар хөгжимд зориулан бичсэн гайхамшигт бүтээлийг сонсох ажээ. Энэхүү хөгжмийг “Трансформерс”, “Шрек 3”, “Кун Фу Панда”, “Минионс” зэрэг кинонд ашигласан байдаг юм.  


Энэ удаагийн тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучдаас гадна, шинэ залуу үеийн дуучид болох Б.Одмандах, Ү.Уртнасан, Б.Номин зэрэг чадварлаг, хүчирхэг хоолойтой залуус оролцоно. Уг тоглолт нь орчин цагийн хөнгөн хөгжмийн суурийг анхлан Монголд нэвтрүүлсэн “Баянмонгол” чуулгын 55 жилийн ойн эхлэл гэдгээрээ онцлогтой.  


Тэгвэл хоёр дахь онцгой тоглолт нь Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын чуулгын тоглолт юм. Энэ сарын 20-нд болох “Торгоны хээ” тоглолтоор гайхамшигт монгол ардын дуунуудыг цувралаар хүргэдэг уламжлалтай.


Харин гурав дахь тоглолт нь энэ сарын 27-нд зохион байгуулах “Классик үдэш” байх нь ээ. Дэлхийн хөгжмийн түүхэн дэх классицизмын үеийн нэрт төлөөлөгчид болох Л.В.Бетховен, В.А.Моцарт, И.Гайдн нарын сонгомол бүтээлүүдээс Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид тоглож сонирхуулна.

相关新闻