ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээгүй, аюулгүй нөөцөд өвс, тэжээл хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-19 12:56:51

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн өвөлжилттэй танилцах ажлын хэсэг Орхон, Шарын гол, Хонгор сумдын алслагдсан малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцаж дууслаа. Давхардсан тоогоор 200 гаруй өрхийн малчин, мал бүхий иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонссон аж.




Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрэлгүй өвс, тэжээлийн нөөцийн дутагдалгүй бөгөөд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг хэрэглэжээ. Нийт нутгаар 10 баллын жигд цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 10-12 см, хамгийн ихдээ 36-38 см байна.




Цаашид цас орж цасны зузаан нэмэгдвэл Шарын гол сумын Олон хөтөл, Булагтай, Хонгор сумын Яргайт, Хаалгат зэрэг газруудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.


Сүүлийн үед малчид өвлийг өнтэй давж байгаа боловч хаврын улиралд салхи, шуурга ихтэй малын хорогдол их гарч байна. Иймд хавар урт болох учир аймаг сумдын өвс тэжээлийн нөөцийг гуравдугаар сараас эхлэн гаргахаар төлөвлөж буйг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.




Аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн тухайд Шарын гол сум 40 тонн өвс, 25 тонн тэжээл, Орхон сум 50 тонн өвс, 5 тонн тэжээл, Хонгор сум 50 тонн өвс, 25 тонн тэжээл, Дархан сум 20 тонн өвс, 7 тонн тэжээлийн нөөцийг тус тус хангасан байна. Харин аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээлийн нөөц байна.

 

相关新闻