ДАРХАН-УУЛ: Гудамж, талбайд нийт 5460 гэрэлтүүлэг суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын гэр хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Нийт дөрвөн багц гэрэлтүүлгийн ажлын хүрээнд 5460 ширхэг гэрлийн шон суурилуулсан байна.
Дархан сумын хоёр, гурав, тавдугаар багт 1457 ширхэг, нэг, долоо, найм, малчин багт 1463 ширхэг, зургаа болон арвантавдугаар багийн Хабитат хэсэгт 1369 ширхэг, дөрөвдүгээр багцын ажлаар арвангуравдугаар баг, арвантавдугаар багийн 1-9 дүгээр хэсэгт 1171 ширхэг гэрлийн шон суурилуулжээ.
Дархан хотын гэр хороолол, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох ажлыг анх 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлсэн бол энэ онд бүрэн дуусгах аж.
Гэрэлтүүлгийн ажлыг тендер шалгаруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлсэн бөгөөд “Лед Сити” ХХК 1463 ширхэг гэрлийг 3.3 тэрбум төгрөгөөр, “Алтайн байгууламж” ХХК 1369 ширхэг гэрлийг 2.9 тэрбум төгрөгөөр, “БСофт” ХХК 1171 ширхэг гэрлийг 2.9 тэрбум төгрөгөөр, "Баян Эх үйлс "ХХК 1457 ширхэг гэрлийг 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ.
Эдгээрээс гурван багц ажлыг улсын комисс хүлээн авсан бол “БСофт” ХХК
нэмэлтээр арвантавдугаар багийн автозамын гэрэлтүүлгийг хийж байгаа бөгөөд ирэх
хавар дуусгавар болох ажээ.