Үйлдвэрлэгчид, малчид өнгөрсөн Цагаан сараар 48.9 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-29 17:56:26

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр нээгдээд буй “Амар байна уу” Цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд үргэлжилж байна. Энд:

  • Ааруул кг нь 25-36 мянган төгрөг,
  • Хэвийн боовыг ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй борлуулж байна.
  • Хорхой ааруул кг нь 30 мянга,
  • Сүүн хурууд кг нь 40 мянга,
  • Бусад ааруул 33-38 мянган төгрөг,
  • Тогооны өрөм 30-35 мянга,
  • Савтай өрөм 6-8 мянган төгрөг,
  • Цагаан тос кг нь 30 мянга,
  • Хайлмаг кг нь 25 мянга,
  • шар тос кг нь 45 мянга,
  • Ааруулаар зассан тавгийн идээ 350 мянган төгрөгийн үнэтэй байна.

Өнгөрсөн жил “Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар дотоодын үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нар 48.9 тэрбум төгрөгийн худалдаа хийж, энэ хэмжээгээр эх орны бүтээгдэхүүнээ борлуулж байсныг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэлж байлаа.


Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим ЖДҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.


Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагт ажиллана. Нийслэлээс ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

相关新闻