“Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 гаруй хүүхэд оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг угтан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү чуулганаар монгол хүүхдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаар өөрсдийнх нь санал шийдлийг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх, цаашид батлах төрийн хууль, тогтоомжид тусгах зорилготой юм.
Тус чуулганыг
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил
хамгааллын ерөнхий газар хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй зохион
байгуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар мэндчилгээ дэвшүүлснийг албаны хүмүүс чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд уламжилсан талаар ГБХНХЯ-наас мэдээллээ.
Монголын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням үе тэнгийн найз нартаа урам, итгэл, мэдлэг өгсөн “Шинэ зууны хүүхдүүд” сэдвээр илтгэл тавьж, “Миний гэр бүл”, “Миний боловсрол”, “Миний сэтгэл зүй-эрүүл мэнд”, “Миний оролцоо”, “Миний цахим хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, хүүхдүүд санал бодлоо илэрхийлэв.
Хүүхэд бүр хөгжих эрхтэй. Хөгжих эрх нь зөвхөн боловсрол эзэмших төдийгүй бие бялдар, оюун ухаан, авьяас чадвар, сэтгэл зүйн чадавхаа бүрэн дүүрэн нээх боломжийг хэлдэг. Улс орны хөгжлийн бодлогод хүүхдийн хөгжил, хамгаалал, тэдний хүрээлэн буй орчин нөхцөлийн чанарын асуудал үргэлж тэргүүнд байдаг.
Мөн хүүхэд бүр оролцох, өөрт хамаарах асуудалд санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх бүрэн эрхтэй юм.
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 21 аймаг, 330 сум, есөн
дүүргийн 13-17 насны 800 гаруй хүүхэд оролцжээ.






Ulaanbaatar