Монголын циркчид 37 жилийн дараа Монте Карлогоос “Мөнгөн алиалагч” хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-31 15:50:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн циркчдийн олимп гэгдэх 46 дахь удаагийн Монте Карлогийн олон улсын тэргүүн зэргийн наадам өндөрлөлөө. Тус наадмаас соёлын тэргүүний ажилтан Т.Амартүвшин ахлагчтай “Амараа групп”-ийн хамт олон 37 жилийн дараа акробат шидэх банзны төрлөөр Монте Карлогийн мөнгөн алиалагч цомыг эх орондоо авчирч байна. Энэхүү төрөлд манай циркчид анх удаа ийм амжилт үзүүлсэн нь энэ.


Үүнээс гадна найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар, продюссер Х.Хасбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир нарын хамтын уран бүтээл тэнцвэрийн төрлөөр оролцон Тэргүүлэх зэргийн хүндэт тусгай шагналаар шагнуулжээ. “Мөнгөн алиалагч” хүртсэн циркчид маргааш эх орондоо ирнэ.  


Сонирхуулахад, анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “Мөнгөн алиалагч”, үүний дараа “Blue Sky Girls” хамтлаг мөн уран нугаралтаар “Хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Тэгвэл яг 20 жилийн өмнө буюу 2004 онд Э.Лхагва-Очир дэлхийн циркийн олимпоос “Хүрэл алиалагч” цом хүртэж байсан билээ. Түүнчлэн 2012 онд “Circus Khadgaa Mongolia”-гийн акробатчид “Хүрэл алиалагч”-тэй эх орондоо ирж байв. 









相关新闻