ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Л.Энхтайван малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн аймгийн хошой аварга малчин Л.Энхтайванд Улсын аварга малчин цол тэмдэг улаан халзтай өргөө цагаан гэрийг өнөөдөр гардуулан өглөө.
Малчин Л.Энхтайван 28 жил тасралтгүй мал маллаж,малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаардаг гэдгийг онцолж байлаа.
Тухайлбал сүүлийн 3 жилд мянга зургаан зуу гаруй толгой мал тоолуулж хонин сүргээ Сайнцагаан омгийн хониор, ямаан сүргээ эрчим хар үүлдрийн ухнаар, үхэр сүргээ сэлэнгэ үүлдрийн үхрээр, адуун сүргээ Сүхбаатар аймгийн Халзан сумаас хурдны угшлын хээлтэгч, хээлтүүлэгчээр сайжруулжээ.
Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажилд мал сүргээ бүрэн хамруулж нийгмийн салбар, иргэд, аж ахуйн
нэгжүүдэд сүүлийн 3 жилийн байдлаар 55,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.