ХӨВСГӨЛ: “Хамтдаа уншъя гэр бүлийн уншлага” номын богц аялуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Хамтдаа уншъя гэр бүлийн уншлага” номын богцыг аялуулж эхэллээ.
Аяны хүрээнд хүүхдүүд аав, ээж гэр бүлтэйгээ гэртээ чөлөөт цагаараа гэр бүлийн гишүүдийн тоогоор өөр өөрсдийн сонирхсон номоо захиалан унших боломжтой юм.
Энэ нь хүүхдүүдийн ном унших сонирхол нэмэгдэж, чөлөөт цагаараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцаж, сэтгэхүйг нь тэлж өгөх гэх зэрэг ач холбогдол ихтэй юм.
Номын богцонд шинэ номын танилцуулга, уншсан номоос төрсөн сэтгэгдэл үлдээх дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх цомог, ном уншихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага, тухайн уншигч гэр бүлийн захиалсан номууд багтана.
Номын богц үнэ төлбөргүй, нэг гэр бүлд 10
хоног аялах бөгөөд уншигчид Нийтийн номын санд хүсэлтээ гарган номоо өөрсдөө
сонгон захиалах ажээ.