Хувийн хэвшлийнхэнд олон улсаас ногоон санхүүжилт авах боломж илүү байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-05 13:29:37

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улсын ААН, компаниуд олон улсын байгууллагуудаас ногоон санхүүжилт авах боломжтой. Ялангуяа эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хувийн хэвшлийнхэнд илүү боломж гарч ирж буйг өнөөдөр “Пума империал” зочид буудалд болсон “Тогтвортой хөгжил ба ногоон эдийн засаг” уулзалт хэлэлцүүлгээр хөндлөө.



Яагаад хувийн хэвшлийнхэнд зээл, санхүүжилт илүү олдох боломжтойг хэлэлцүүлэгт оролцогч нар хэлэхдээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт өнөөдөр хувийн хэвшлийнхэн зонхилж байгаа, мөн бусад компани, ААН-үүдийн хувьд, ялангуяа эрчим хүчний салбарт төрийн өмч давамгайлж, үйл ажиллагаа, үнэ тарифын хувьд чөлөөлөгдөөгүй, өр зээл ихтэй, бодлого үйл ажиллагаа тогтворгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа. Нөгөө талаар компани, ААН-үүд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бага ялгаруулах зарчим баримтлах нөхцөл, шаардлага  үүсээд байна. Үүнийг хэрэгжүүлснээр гадаад хөрөнгө оруулалтыг татахаас эхлээд олон улсын байгууллагуудаас санхүүжилт авах боломжтойг хэлж байлаа.


МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ногоон санхүүжилтийн хувьд манай улсын дотоодын ААН-үүд НҮБ, олон улсын санхүүжилтийн байгууллагуудын төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлүүд хамрагдах нь илүү боломжтойг тэмдэглээд, энд бид өөрсдөө нэгдэж санаачлах үйл ажиллагаа дутагдаж буйг онцолсон юм.

“Ньюком ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, ААН-үүдэд сэргээгдэх эрчим хүч хэрэглээд, хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ зарлах боломж, сонирхол бий. Гэтэл энд тарифын болон хууль эрхзүйн зохицуулалт алга. Тиймээс эрчим хүчний үнэ тарифын бодлого, Эрчим хүчний хуулийг шинэчлэн батлах шаардлагатай байгаа. Нөөц хуримтлуулах баттерей хөгжсөнөөр нар салхины эрчим хүчний хөгжил илүү тогтвортой болж байна гэв.


Өнөөдөр хэрэглэгч нар нийгэмдээ хариуцлагагүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй компаниудын бараа, үйлчилгээг авах нь багассаар байна.



МҮХАҮТ-ын Тогтвортой хөгжлийн зөлөлийн дарга Ж.Сүнжидмаа, манай зөвлөлийн 20 гаруй компани, ААН-ийн 50-60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа Тогтвортой хөгжлийн суурь зарчимд үндэслэн стратегиа боловсруулан, төлөвлөгөө, үйл ажиллагаандаа уялдуулж байна. Үүнийг өмнө нь Компанийн нийгмийн хариуцлага гэж ойлгож байв. Харин өнөөдөр ААН-үүдийн үйл ажиллагаа ашигтай байхаас гадна үр дүн нь Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, нийгэмдээ өгөөжтэй байх нь чухал болж байгаа юм. Энэ нь байгаль орчин-нийгэм-засаглалын хувьд нээлттэй, хариуцлагатай байх олон улсын хөгжлийн индикатороор хэмжигдэж байна. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжтойг онцлон хэллээ. Тэрбээр, сэргээгдэх эрчим хүчний салбар дээрх зарчимд таарч байгаа. Тиймээс нар, салхины нөөцтэй манай улс энэ салбарыг бодлого, үйл ажиллагаагаар дэмжих нь чухлыг тодотголоо.


“Тогтвортой хөгжил ба ногоон эдийн засаг” уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс “Сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлье” уриан дор салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан юм. Энд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, MCS холдинг, ХААН банк, Тесо” групп, Юнител, Ньюком" групп, Говь, Монгол базальт, Сайншандын салхин парк, Desert solar power one” болон “Тэнүүн гэрэл констракшн зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

相关新闻