“Улаанбаатар” театрын тайзнаа дэлхийн сонгодгууд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Улаанбаатар” театр цоо шинэ дүр төрхтэйгөөр, басхүү цоо шинэ эгшиг сонсголонтойгоор нийслэлийнхэнд сонгодог тоглолт хүргэх гэж байна. Тодруулбал, энэ сарын 17-нд Улаанбаатар театрын тайзнаа ганцхан удаа тоглох аж.
Энэ үдэш тоглолтын нэгдүгээр хэсгээс Ж.Бизегийн “Кармен” дуурийн сюитийн I, II ангийг сонсож, алдарт “Хунт нуур”-ын Адажиог, хоёрдугаар хэсгээс дэлхийн сонгодог мюзиклийн ертөнцөөр аялж алдарт Phantom of opera, “Парисын Дарь эхийн сүм”, “Ромео Жульетта хоёр”, La la land болон неополитан дуунуудыг Европын тайзан дээрээс үзэж байгаа мэт таашаалыг мэдрүүлэх нь ээ.
Тоглолтод “Улаанбаатар” театрын уран бүтээлчид, “Анир” Монголын анхны
поп оркестр, “Номадик” балет продакшны бүжигчид оролцох ажээ. 90 минут
үргэлжлэх уг тоглолтын найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Урнаа, Соёлын
тэргүүний ажилтан О.Сүхээ нар ажилласан байна.