Зураач Ц.Нарангэрэлийн “Зам” тусгай үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Арт галерейн 5 жилийн ойг угтан 2024 оны эхэнд зохион байгуулж буй байгалийн зургийн нэрт мастер МУСГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц. Нарангэрэлийн "Зам" тусгай үзэсгэлэнг энэ сарын 17-нд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.
Зураач Ц.Нарангэрэл 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Монгол Улсын Ардын зураач Л.Гаваагийн урланд суралцан төгссөн нь түүнийг байгалийн чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлжээ. Мөн 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг төгссөн тэрбээр 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд 30-аад жил багшилж 11 төгсөлтийн 150 гаруй авьяаслаг уран бүтээлч шавь бэлтгэн уран бүтээлийн их замд хөтлөн оруулсан түүхтэй.
Энэ удаагийн тусгай үзэсгэлэнгийн онцлог нь зураачийн сүүлийн жилүүдэд туурвисан 100 гаруй төрлийн замыг өнгө аяс, утга төгөлдөр дүрслэн илэрхийлсэн сонирхолтой уран бүтээлүүдийг нэг дор шимтэн үзэх боломжийг үзэгчдэд олгож байна.
Амьдралд өдөр бүр тохиолдож буй тоймгүй олон үйл явдлууд нь
олон салаа замын эхлэл болон төгсгөл мэт сонголтын дунд биднийг өөрийн эрхгүй
хөтлөн оруулдаг...
Тус үзэсгэлэн 3 дугаар сарын 5-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.