Хиймэл оюун ухааны салбарт АНЭУ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-15 15:50:49

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-нд хийсэн айлчлалын үеэр “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан билээ. Энэхүү санамж бичгээр тохирсон хамтын ажиллагаа ийнхүү эхэлж байгаа аж.


Мөн, ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн оны 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.


Түүнчлэн, АНЭУ-ын Дубай хотноо хоёрдугаар сарын 12-14-нд зохион байгуулсан Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулжээ. Энэ шагналыг Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгоход гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж байгааг ЦХХХЯ мэдээлэв.


Дээд түвшний уулзалтын үеэр тус шагналыг ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авчээ. 

相关新闻