Э.Батбаяр: Энэ жил шар усны үер буух эрсдэл өндөр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос ээлжит хурлын цагаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон Эрүүл мэндийн яам, ЦУОШГ-аас цаг үеийн мэдээлэл өгсөн юм.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Хөдөө аж ахуйн корпорац дээр хадгалж байсан 10 мянган тонн тэжээлийн буудайг орон нутагт хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг гэрээгээ байгуулсан. Эдгээр тэжээлийн буудайг үнэгүй өгч байгаа юм. 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлж эхэлсэн. Өнөөдрөөс эхний түгээлт ачаад аймгууд руу гарлаа. Өнөөдрийн байдлаар 71 мянган км замыг аймаг, орон нутгуудад гаргасан” гэв.
Тэгвэл Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Өнөөдрийн байдлаар монгол орны ихэнх жижиг болон дунд зэргийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн. Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-10 см нэмэгдсэн байна. Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй учраас явахгүй байхыг хүсье. 80 жилийн мэдээнээс харахад Улаанбаатар орчимд Туул, Сэлбэ гол дагуу шар усны үерийн оргил үе дөрөвдүгээр сарын 14-нд тохиолдсон байна. Орсон цасны хэмжээ, агаарын температурын огцом өөрчлөлт хоёр шар усны үер буух эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Гуравдугаар сарын 20-ноос гол мөрний мөс хайлах нь идэвхжиж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд бүрэн хайлж дуусдаг. Энэ жилийн хувьд агаарын температурын огцом дулааралтай жил. Шар усны үер буух эрсдэл нэмэгдэнэ. Шар усны үер болбол, өвөлжилт хүндэрсэн аймгуудад байгаа малын сэг зэм, хайлсан усаар угаагдан гол руу орж, өвчин эмгэг тараах эрсдэл үүсгэдэг. Иймээс малын сэг зэмийг цэвэрлэх, ариутгах ажлуудыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа” гэлээ.
Тэгвэл Эрүүл
мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Орон
нутгийн захиалгаар, улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд
орон нутгаас ирж суралцаж байгаа 318 резидент эмчийг өнөөдрөөс эхлэн 14
хоногийн хугацаанд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад хуваарилсан. Эмч
нараа нэгдсэн мэдээллээр хангаж байгаа. Тэднийг орон нутагт ажиллах хугацаанд цалинг
нь бүрэн олгоно. Мөн орон нутагт очих, буцах замын зардлыг хариуцах бөгөөд 14
хоногийн хугацаанд албан томилолтын мөнгө олгоход 325 сая төгрөг зарцуулах юм” хэмээн ярилаа.