Төрийн албан хаагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-01 16:23:31

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр БНЭУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пранжаяа Партхыг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхээр БНЭУ-д урт, богино, дунд хугацааны сургалт, хөтөлбөр (ITEC, ICCR)-т хамруулах талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Н.Ууганбаяр, “Өнгөрсөн жилүүдэд төв болон боомт, орон нутаг дахь нэгжийн мэдээлэл технологийн инженер, албан хаагчид ITEC хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр БНЭУ-д суралцсан. Энэ мэдлэг, туршлага нь ГИХГ-ын үйлчилгээг сайжруулах, техник технологийн шинэлэг шийдэл ашиглан цахимжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан”-ыг онцолсон юм.


БНЭУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пранжаяа “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн журмаа өөрчилж, өмнө нь тэтгэлэгт хамрагдсан хүн дахин явах боломж бүрдүүлсэн. Монгол Улсын төрийн албан хаагчид олноор хамрагдах боломжийг нэмж, тэдний чадавхыг дээшлүүлэх сургалтын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. Мөн Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/-ийн урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт төрийн албан хаагчдыг хамруулах, тоог нь нэмэх чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэдгийг тодотгожээ.


Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн дараагийн шатууд эхэлж, ажиллах хүчний урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан идэвхтэй хамтран ажиллах талаар талууд санал нэгдсэнийг ГИХГ-аас мэдээллээ. 

相关新闻