Нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах шаардлагатайг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ оны 13 дугаар тогтоолоор байгуулсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий УИХ-ын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдав.
Тус түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргаар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хамгийн чухал нь хяналт шалгалтын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах явдал юм гэдгийг үг хэлсэн гишүүд тэмдэглэж байв.
Мөн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов. УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.