Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байнгын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-20 09:19:07

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын бүлгийн Товчооны гишүүн Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Байнгын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт энэ сарын 15-нд бараалхав.


Уулзалтын үеэр ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мокхава, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Эрнест Рвамюсио нар энэ оны зургаадугаар сарын 19-22-нд Кигали хотноо болох ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Мөн ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын III бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд бага хурлын төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийн явцыг танилцууллаа.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын бэлтгэл ажил амжилттай өрнөж буйг сайшааж, тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн энэхүү бага хуралд тэрбээр ДГХБО-ын дуу хоолойг дэмжин оролцоно гэдгээ цохон тэмдэглэв.

相关新闻