“Үүлэн заяа” долоон жилийн дараа дахин хөшгөө нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн хөгжим, Ш.Шажинбатын цомнол “Үүлэн заяа” дуурийг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид долоон жилийн дараа тайзнаа дахин тоглох гэж байна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бол Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд дөрвөн дуурь, нэг бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисан нэгэн билээ. Тэрбээр “Үүлэн заяа” дуурь, IV симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар гэсэн гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртэж байв.
“Үүлэн заяа” дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм.
“Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим” хэмээн үнэлэгдсэн “Үүлэн заяа” дуурийг энэ сарын 23, 24-ний амралтын өдөр үзэгчдийн хүртээл болгоно. Эхний өдөр Хоролдой ноёнд О.Хүрэлбаатар, Наранзэлд Б.Энхнаран хоёр дахь өдөр Хоролдой ноёнд С.Бат-Эрдэнэ, Наранзэлд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нар гоцолно.
“Үүлэн заяа”-г 1988 онд анх удаа тайзнаа амилуулсан бөгөөд гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй дуурь юм. Дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажиллаж байна.