Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-20 16:12:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа.


Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.


Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.


Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын мэдээгээр, Нийгмийн даатгалын сангаас нийт 493 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа юм. 

相关新闻