Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.