Уламжлалт МАА-д тулгарч буй цаг уурын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-20 16:42:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.


Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшлэх юм. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх аж.

 

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшлэх юм. Үүний зэрэгцээ малчдын санал санаачилгад тулгуурласан төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ.

相关新闻