ХК-иуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхэллээ.
“ХасБанк” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит
хурлыг 4 дүгээр сарын 29-нд хийхээр зарлажээ. Хурлаар ТУЗ-ийн хараат бус
гишүүдийн болон 2023 оны үйл ажиллагааны тайлан, мөн өнгөрсөн оны жилийн эцсийн
цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай, “ТэнГэр Санхүүгийн нэгдэл” ХХК-ийг “ХасБанк”-нд
нэгтгэх хэлбэрээр “ХасБанк”-ийг өөрчлөн байгуулах талаар хэлэлцэхээр
төлөвлөжээ.
ХААН банкны ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр
сарын 23-нд хийхээр зарлав. Хурлаар 2023 оны чанаргүй зээлийг холбогдох
эрсдэлийн сангаас хаасан тайлан болон санхүүгийн тайлангийн дүгнэлтийг
танилцуулах нь.
Монголын Хөрөнгийн бирж ХК мөн өөрийн хувьцаа эзэмшигчдийн
ээлжит хурлыг энэ оны 4 дүгээр сарын 26-нд хуралдуулахаар зарлажээ.
Хурлаар компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитын санхүүгийн тайлан, компанийн 2024 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэн батлах аж.