Аутизмтай хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэх үр дүнтэй аргуудыг жишээгээр тайлбарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын Аутизмын Холбоо ба Ерөнхий боловсролын “Үй цай” сургууль хамтран багш, эцэг эхчүүдэд зориулсан “Үзүүлэн дэмжихүй” гарын авлага гаргалаа.
Үзүүлэн дэмжих арга нь аутизмтай хүүхдүүд ба өсвөр насныхныг академик болон өдөр тутмын дадалд сургах тухайлсан боломж, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах үр дүнтэй хэрэгсэл юм. Зан үйлийн шинжээч мэргэжилтэн Марлен Коэн, түүний хамтран зүтгэгч Питер Герхард нарын бичсэн энэхүү гарын авлагад үзүүлж дэмжихүйн хамгийн үр дүнтэй төрлүүдийн тухай болон тэдгээрийг хэл ба нийгэмшил дадлуудыг хөгжүүлэх, ой тогтоолт анхаарлыг сайжруулах, хүсэл сонирхлыг нэмэгдүүлэхэд хэрхэн ашиглах стратегиудын тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Аутизмтай олонх хүүхэд сонссоноо биш, харснаа илүү анзаарч, тогтоож, ойлгож, сурдгийг эцэг эхчүүд, багш нар, судлаачид, аутизмтай хүмүүс өөрсдөө ч онцолдог. Энэ номд тайлбарласан арга стратегиуд нь аутизмтай хүүхдүүдийн хараагаараа сурах давуу талд тулгуурласан гэдгээрээ ач холбогдолтой бөгөөд амьдралд ойрхон, хэрэгжүүлэхэд хялбар гэдгийг "Үй цай" сургуулийн захирал, согог зүйч багш, доктор Д.Баяраа номын нээлтийн үеэр онцлов.
Энэхүү ном аутизмтай хүүхэд ба насанд хүрэгчдэд аль алинд нь хэрэгтэйгээс гадна бие даан сурч, амьдрах чадварыг дэмжихийг зорьсноороо онцлог ажээ.
Монголын Аутизмын холбооны тэргүүн А.Амарбаяр хэлэхдээ, “Аутизмтай хүүхэд сонсохоос илүү, харж мэдээллийг авахдаа сайн байдаг. Тиймээс аутизмтай хүүхдэд зургаар эсвэл бичлэгээр мэдээлэл өгөхөд илүү сайн ойлгож, тогтоодог. Энэ давуу талд нь суурилсан сургалтыг хэрхэн явуулах тухай арга стратегиудыг энэхүү номоос үзэх боломжтой. Хүнтэй харилцах, нийгэмших чадварыг нь сайжруулах, сурах хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, зан үйлийг нь засах аргачлалыг жишээгээр тайлбарласан. Монголын Аутизмын холбооноос 2021 онд багш нарт зориулсан ном гаргасан. Аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай гарын авлага номыг үнэ төлбөргүй тараадаг. Энэхүү ном аутизмтай хүүхэдтэй ажиллах багшид тус болно гэж найдаж байна” гэв.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн багш, судлаач, доктор Д.Одгэрэл, “Дэлхий нийтээр боловсролд тэгш хамруулах бодлогыг хэрэгжүүлж, үзэл баримтлалаа тодорхойлж байгаа. Үүнд Монгол Улс нэгдэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тоо нэлээн зонхилох хувийг эзэлж байна. Судалгаагаар 100 хүүхдийн дунд аутизмтай нэг хүүхэд байдаг байсан бол сүүлийн үед 60 хүүхдийн нэг нь аутизмтай гэсэн тоо баримт гарсан. Тиймээс ЕБС-ийн багш нар, аутизмтай хүүхдийн онцлог шинж, хэрхэн дэмжих арга зүйн талаар мэдлэг, чадвартай байх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Дэлхий нийтийн чиг хандлага аутизмтай хүүхдийг өөрчлөх биш, бид өөрсдөө эдгээр хүүхдийн талаар мэдлэг, ойлголттой байж тэднийг нийгэмшүүлэх үйл явц өрнөнө гэж үзэж байгаа" гэв.