"Монте Карло-46” наадамд амжилт гаргасан циркчдийг 40 сая төгрөгөөр шагнана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын дагуу 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг "Трүүп Амараа" хамтлагт олгохоор болжээ.
Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-нд болсон Дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсаас тус хамтлаг "Хүннү гүрэн" бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон билээ.
"Хүннү гүрэн" бүтээл тус их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхар зогссон хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлтийг зориглон үзүүлсэн нь шинэлэг бөгөөд анхдагч байв.
1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилттай оролцож, “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасныг ийнхүү үнэлжээ.