Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-11 16:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд байна.


Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болж байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам” уулзалтыг үеэр онцлов.


Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлээд байгаа. Одоогоор цахим бүртгэлийн хуудастай 11888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох аж.


Тэрбээр, худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулаад, нийслэлээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлаа шийдэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байгаа тул асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэйг хэлж байлаа.


Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартыг өөрчилж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Түүнчлэн, “Бүх салбарт ажиллах хүч, хүний нөөц тулгамдсан асуудал болоод байгаа. Төлөвлөснөөс хэд дахин олон хүн амтай болсон нийслэлд цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч, тохижилт, үйлчилгээний салбарынхан ачааллаа дийлэхгүй байна. Иймд аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа арчилж хамгаалах хэрэгтэй. Стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолоо цогцоор нь шийдэх учиртай”-г тэмдэглэв.


Уулзалтад нийслэлд энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлж буй 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ.

 

相关新闻