Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн сул зогсолтын мөнгийг олгохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-05 12:38:18

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудыг ажилчдынхаа сул зогсолтын мөнгийг олгохыг шаардав.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 онд Концессийн гэрээгээр “Кью Эс Си” компанид шилжүүлсэн. Гэвч тус компани үйлдвэрийг тогтвортой ажиллуулж чадахгүй байна хэмээн тус холбооны дарга Х.Буянжаргал хэллээ.

Тэрбээр, “Тус компанид шижлүүлснээс хойш Төмөрлөгийн үйлдвэр сард 15 хоног л ажиллаж байна. Үүнээс болж компанийн 6000 гаруй иргэн цалингаа гүйцэд авч чадахгүй байна. Концессын гэрээгээр шилжүүлэх үед нь бид Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд сул зогсолт хийсэн тохиолдолд ажилчдад цалингийн 60 ба түүнээс дээш хэмжээгээр тооцож, нөхөн олговор олгохоор тусгасан. Гэвч гэрээгээ огт биелүүлэхгүй байна. Бид саяхан цалингийн хэмжээгээр бус хөдөлмөрийн хөлсний 60 хувиар тооцож нөхөн олговор олгох санал тавьсан ч мөн л биелүүлэхгүй байна. Энэ компани ажилчиддаа 600 сая гаруй төгрөгийн нөхөн олговор олгох ёстой. Хууль хяналтын байгууллагууд ч бидний талд шийдвэр гаргасан. Тиймээс хуулийн байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Түүнчлэн МҮЭХ-ны удирдлагууд өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдтай уулзаж, дээрх асуудлыг танилцуулаад Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудлыг эргэж харах хүсэлт тавьжээ. Ерөнхий сайд уг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж шалгана гэсэн байна.

Ч.Ариунболд

相关新闻