Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-06 13:31:40

Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний үр хүүхэд, ууган шавь, Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

Ойн хүрээнд Г.Бирваагийн нэрэмжит зохиолын дууны шилдэг дуучин шалгаруулах уралдааныг ирэх сарын 22-24-нд төрөлх нутаг Баянхонгор аймагт нь зохион байгуулах юм. Тус уралдаан мэргэжлийн дуучид, ардын авьяастнууд, хүүхэд гэсэн ангиллаар болно. Мөн ойд зориулсан хүндэтгэлийн концерт УДБЭТ-ын тайзнаа болох бол уран бүтээлийн өдрүүдийг Баянхонгор аймагт тэмдэглэх юм. Түүнчлэн гэрэл зургийн үзэсгэлэн болон дурсамж номыг нь хэвлүүлэх аж.

Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл хэлэхдээ, “Энэ жил Монголын урлагийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн 100 жил, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Төрийн шагналт, УГЗ Э.Чойдог нарын 90 жилийн ойн баяр тохиож байна. Тиймээс энэ оны эхнээс ойн арга хэмжээг эхлүүлсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 20-нд “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж Г.Бирваагийн “Улаан дарцаг” киноны хөгжмийг Монгол Улсын Филармоний Симфони оркестр тоглосон. Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо, Г.Бирваа гуайн үр хүүхдүүд хамтран “Бирваа сан”-г байгуулж ойн арга хэмжээг зохион байгуулна” гэв.

Төрийн шагналт, УГЗ Г.Бирваа нь “Гоёхон чимэг ч юмуу даа”, “Дээшээ, дээшээ”, “Намрын шөнө” зэрэг хүүхдийн болон нийтийн дуу, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг киноны хөгжмийг бичжээ.

Хэвлэлийн хуралд түүний хүү Ардын жүжигчин, УГЗ Б.Мөнхдорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, түүний ууган шавь Ю.Самбуу, Ардын жүжигчин, УГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, СУИС-ийн багш, хөгжим судлаач Г.Юндэнбат нар оролцов.

Г.Даваамаа

相关新闻