Хүүхэд насны гэрэлт ертөнцийг харуулсан бүтээлүүдийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-14 15:33:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа үүдээ нээж байгаатай холбогдуулан Монголын уран зургийн галерей “Гэгээн хүсэл” сэдэвчилсэн үзэсгэлэнгээ толилуулж байна.


Хүний амьдралын хамгийн гэгээн тунгалаг боловч хамгийн богино хугацаанд үргэлжлэх амьдралын нэгэн үе бол хүүхэд нас. Тэрхүү арваадхан жил үргэлжлэх богино боловч аз жаргалаар дүүрэн үеийг Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөгчид өөр өөрийн зурах арга барил, харах өнцгөөрөө дамжуулан дүрсэлсэн нь Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж уг үзэсгэлэнд 20 гаруйг нь дэлгэлээ.


“Хүүхэд насанд хүргэж өгдөг 

Галт тэрэг хэрвээ байдаг бол 

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог” хэмээн МУСГЗ зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргал нэгэнтээ шүлэглэсэн байдагчлан энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд багачуудад энэ нас хэчнээн үнэ цэнтэй, дахин давтагдашгүй болохыг сануулахын зэрэгцээ томчуудад хэсэгхэн ч болов хугацаанд өөрийн бага балчир нас, мартагдсан дурсамжаараа аялах боломжийг олгож буй юм.


Тус үзэсгэлэнд зөвхөн хүүхэд насны гэрэл гэгээт өнгө төрхийг харуулсан бүтээлүүдийг дэлгэсэн нь хүүхдийн ертөнц, хүүхдийн хүсэл ийм гэгээн боловч өнөөгийн нийгэм, томчууд бидний зохисгүй үлгэрлэл тэдний гэгээн ертөнцийг харлуулж буйг сануулахыг зорьсон юм. 









相关新闻