“Хэвшмэл ойлголтод хамтдаа цэг тавья” аяныг эхлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх зорилготой “Хамтдаа цэг тавья” аяныг ТББ, иргэний нийгмийн байгууллага хамтран эхлүүлжээ.
Иргэд цахим болон биетээр
оролцох нэг сарын аян Д.Сүхбаатарын талбайд болсон “Номын баяр”-ын өдрүүдийн
үеэр эхэлж, 3 өдрийн өдөрлөг зохион байгуулсан бөгөөд үргэлжлүүлээд иргэдэд
ойр, бодит мэдээллийг хүргэх аж.
Сонсогчдын боловсрол төв, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Монголын баримт шалгах төв, “Тунгаахай” ТББ хамтран зохион байгуулж буй аянаар иргэдийг нийгмийн энэ үйл ажиллагаанд илүү их оролцохыг “Медиус” компанийн хөтөлбөрийн менежер Г.Одсүрэн уриаллаа.
Тэрбээр,"Бид жендэрийн тухай ойлголт болон мэдээллийн боловсролыг энгийн ойлгомжтой, сонирхолтой байдал, хэлбэрээр хүргэж байна. “Үл үзэгдэгч эмэгтэй”, “Сэтгүүл зүй ба худал хуурамч мэдээлэл” ном, баримт шалгах анхан шатны гарын авлага гаргаж, цахим нүүр номоор танилцуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна" гэв.